Инкотермсийн тухай та хэр ихийг мэдэх вэ?

Инкотермсийн тухай та хэр ихийг мэдэх вэ?
Nov 27

Инкотермс гэдэг нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн худалдагч болон худалдан авагчийн зардал, эрсдэл, үүргийг тодорхойлсон гадаад худалдааны нэр томьёоллыг хэлнэ. 1936 онд анх хэвлэлтэд гарснаас хойш 1953, 1967, 1976, 1980, 1990, 2000 болон 2010 онуудад дахин шинэчлэгдсэн.

Инкотермс нь:

• Орчин үеийн олон улсын худалдааны практикийг ерөнхийлөн дүгнэж, олон улсын худалдааны үйл ажиллагаанд оролцогч талуудад бараа нийлүүлэх нөхцөлийг сонгох боломж олгодог.

• Инкотермсийн аль нэг нөхцөлийг талууд сонгосноор нийлүүлэх барааны үнэ, зардал, хуваарилалт тодорхой болж, хариуцлагын заагийн хил хязгаарыг тодорхой болгодог.

Инкотермсээр тогтоох зардал:

1. Барааны экспорт, импортын гаалийн бүрдүүлэлтийн зардал

2. Үндсэн тээврийн зардал

3. Гэрээнд оролцогч талууд худалдааны нөхцөлийн дагуу бие биедээ харилцан туслалцаа үзүүлэхэд гарсан зардал;

4. Бараанд даатгал хийлгэхтэй холбоотой гарах зардал

1. EXW- EX Works

Худалдагч тал нь өөрсдийн үйлдвэрээс бараа таваарыг хүлээлгэн өгөх ба түүнээс хойших үйл ажиллагаатай холбоотой бүх зардал, эрсдэлийг худалдан авагч тал хариуцна.



2. FCA - Free carier

Энэ нөхцөлд худалдан авагч тал тээвэрлэлтийн төрлөө сонгох ба худалдагч тал тээвэрлэгчид хүлээлгэн өгснөөр хариуцлага дуусна. Үүнээс хойших зардал, эрсэдлийг худалдан авагч тал хариуцна.

3. FAS - Free alongside ship

Худалдагч нь худалдан авагчийн нэрлэсэн усан онгоцны хашлага хүртэлх эрсдэл, зардлыг хариуцна.

4. FOB - Free on board

Худалдагч тал нь худалдан авагчийн нэрлэсэн усан онгоцны тавцан дээр барааг буулгах хүртэлх эрсдэл, зардлыг хариуцна.

5. CPT - Carriage paid to

Худалдагч тал нь тээвэрлэлтийн төрлөө сонгох ба худалдан авагчийн нэрлэсэн газар хүртэл хүргэх үүрэг хүлээнэ. Тохиролцсон газар хүртэлх бүх зардлыг худалдагч тал хариуцна. Барааг хүлээн авах нэрлэсэн газар нь тухайн худалдан авагчийн улсын газар байна.

6. CIP - Carriage and insurance paid to

Худалдагч тал нь тээвэрлэлтийн төрлөө сонгох ба худалдан авагчийн нэрлэсэн газар хүртэл хүргэх үүрэг хүлээнэ. Тохиролцсон газар хүртэлх бүх зардлыг худалдагч тал хариуцна.



7. CFR - Cost and freight

Худалдагч тал нь тээвэрлэх усан онгоцоо сонгоно. Нэрлэсэн боомт хүртэлх зардал, эрсдэлийг худалдагч тал нь хариуцах ба заасан хугацаанд түүнээс хойших эрсдэл худалдан авагчид шилжинэ.

8. CIF - Cost insurance and freight

Худалдагч тал тээвэрлэх усан онгоцоо сонгоно. Дараагийн боомт хүртэлх зардал, эрсдэлийг худалдагч тал нь хариуцах ба түүнээс хойших гарах даатгалын зардлыг мөн хариуцна.

9. DAT - Delivered at terminal

Худалдагч тал нь худалдан авагчийн улсын нэрлэсэн газарт ачааг зөөвөрлөх ба нэрлэсэн боомт эсвэл терминал дээр буулгахтай холбоотой гарах бүх эрсдэлийг хамтад нь хариуцна.

10. DAP - Delivered at place

Худалдагч тал нь худалдан авагчийн нэрлэсэн газарт буулгахад бэлэн болсон ачаа барааг худалдан авагч талын зөвшөөрсөн цэгт хүргэнэ.

11. DDP - Delivered duty paid

Худалдагч тал барааг үйлдвэрээс гараад худалдан авагчийн гарт хүрэх хүртэлх бүх зардал, эрсдэлийг хариуцна.